Thursday, 21 November 2013

Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол

Дасгал зөвхөн таны булчинг хөгжүүлэхээс гадна оюун ухаанд тань хүртэл сайнаар нөлөөлнө
Дасгал сургуулилалт хийх сонирхолтой бидний хувьд дасгал нь жин хасах, биеэ чийрэгжүүлэх, булчин хөгжүүлэх болон эрч хүчийг сайжруулдаг гэдгийг бид мэднэ. Гэвч дасгал нь бидний тархинд сайнаар нөлөөлж байдгийг ихэнх хүмүүс тэр болгон мэддэггүй.
1970-аад оны эхэн үеэс эрдэмтэд дасгал хийснээр ялангуяа ахимаг насны хүмүүсийн хувьд үйлдэл хийх цагийг түргэсгэдэг болохыг мэддэг байсан байна. Харин саяхнаас судалгааны шинэ арга хэрэгслүүд гарснаар, дасгал сургуулилалтын нөлөө нь зөвхөн чиний хариу үйлдэл хийх хугацааг хурдасгах энгийн нөлөөллөөс хамаагүй илүү гүн гүнзгийгээр хүний биед нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Дасгал хийснээр суралцах чадвар, ой санамж, болон зан байдал тань сайжрах болно.
Дасгал хийснээр ой тогтоолт сайжирч аливаа зүйлийг илүү хурдан сурна
Саяхныг болтол эрдэмтэд хүний тархи шинэ мэдрэлийн эс үүсгэж чаддаггүй гэдэгт итгэж байлаа. Бид төрөхдөө тодорхой хэмжээний тархины эстэй төрдөг бөгөөд хэрвээ түүнийгээ гэмтээх юм бол дахин сэргээж чаддаггуй гэж боддог байлаа. Харин судалгаагаар бид энэхүү тархины тусгай эсүүдийг бүтээдэг болох нь тогтоогдсон. Хамгийн сонирхолтой нь юу гэхээр дасгал хийх нь энэхүү тархины мэдрэлийн эс үүсэхэд сайнаар нөлөөлдөг байна. Зах зээл дээр байгаа ямарч эм үүн шиг үйлчлэхгүй.
Эрдэмтэд оготныг гүйдэг замтай байранд байрлуулан туршилт хийн, эдгээр шинэ мэдрэлийн эсүүд нь тархины яг хаана бий болдог болон яг юу хийдгийг нь тодорхойлохоор ажиллаж эхэлсэн байна.  Hippocampus гэгдэх ой тогтоолт болон суралцах чадвартай холбоотой байдаг тархины хэсэгт эдгээр эсүүд бий болж байгааг тогтоожээ. Тэгэхээр хэрвээ энэ шинээр үүсэж байгаа эсүүд нь ой тогтоолт болон суралцах чадвартай холбоотой тархины хэсэгт үүсэж байгаа бол эрдэмтдийн дээрх туршилтанд орсон оготно жирийн байсан оготнотой харицуулвал ухаантай байх ёстой, тийм үү? Тэгвэл энэ нь үнэхээр тийм байжээ.
Хэдийгээр бид хүний тархинд хичнээн эс шинээр бий болж байгааг харж чадахгуй ч, хүмүүс дээр хийсэн судалгаанууд нь дээрх оготно дээр хийсэн туршилтыг баталж байгаа юм. Биеийн хөдөлгөөний идэвхтэй амьдралын хэв маягтай насанд хүрсэн хүмүүс нь хөдөлгөөний идэвхгүй амьдралтай хүмүүстэй харьцуулахад сэтгэхүйн үйл ажиллагааны тестэнд хөдөлгөөний идэвхгүй амьдралтай хүмүүсээс илүү сайн хийсэн байна. Энэ нөлөө нь сэтгэхүйн чадварын нэг гол хэсэг болох гүйцэтгэх чадвар буюу төлөвлөх, мулти-таск буюу олон ажлыг нэгэн зэрэг хийх, өөрийн зан байдлыг хянах, богино хугацааны зүйлсийг санах зэрэг чадваруудад илүү нөлөөлдөг байна. Үүнээс гадна, идэвхтэй насанд хүрэгчид нас ахих тусам энэхүү чадвараа сайн хадгалж үлддэг бөгөөд Alzheimer-ийн өвчин гэх мэт мэдрэлийн хүнд өвчнөөр өвчлөх эрсдэл багатай байдаг байна.
Дасгал Хийснээр Сэтгэл Санааны Байдал Сайжирна
Дасгал хийснээр ой тогтоолт сайжирахаас гадна, сэтгэл санаагаар унах зэргээс сэргийлнэ. Аэробик байна уу, хүндийг өргөлт байна уу, ямарч дасгал нь сэтгэлээр унахаас сэргийлж, мөн сэтгэлээр унасан хүнийг дахин сэтгэлээр унахаас сэргийлнэ. Дасгал хийхэд сэтгэл санаагаар унахаас сэргийлдэг эм уусантай адил үр дүн гардаг байна. Гэхдээ эмийг дасгалаар орлуулахаасаа өмнө эмчтэйгээ сайн зөвлөлдөх хэрэгтэй.
Эрдэмтэд дасгал сургуулилалт нь хүний сэтгэл санаанд яг яаж нөлөөлдгийг ойлгохыг хичээн судалгаа явуулж байгаа бөгөөд зарим эрдэмтэд дасгал нь тархинд байдаг serotonin гэдэг бодисыг тэтгэхэд тусладаг гэдэгт итгэдэг байна. Энэхүү serotonin гэдэг бодис нь сэтгэлээр унасан хүний тархинд маш бага хэмжээтэй байдаг гэнэ. Харин зарим эрдэмтэд дасгал нь хүний тархины стрэсс-д хариу үйлдэл хийх төвийг зохицуулдаг гэж үздэг байна. Мөн зарим эрдэмтэд дээр дурьдсанчлан шинэ мэдрэлийн эсүүд үүссэнээр хүний сэтгэл санаа сайхан болдог гэдэг санааг дэвшүүлдэг. Яг яаж нөлөөлж байгаа нь одоохондоо тодорхой бус ч, дасгал хийх нь ямар ч байсан ашиг тустай байдаг нь тодорхой байгаа бөгөөд эрдэмтдийг үүний хариуг олтол нь бид дасгалаа үргэлжлүүлэн хийж л байя.
Өөрийнхөө тархийг том хот, харин дасгал сургуулилалтыг маш мундаг инженерүүдийн груп гээд бодоод үзье. Инженерүүд хотын барилга байгууламж, зам гүүр гэх мэт дэд бүтцийг бүтээх үүрэгтэй байдаг. Чи өөрөө яг ийм дэд бүтцийн инженер биш л бол  энэ ажил яг яаж явагддагийг бүрэн бүтэн ойлгохгуй. Гэсэн хэдий ч чи үүний үр дунг үзээд мэдрээд явдаг. Жишээ нь, А газраас Б газарт хүрэхэд түгжрээнд оролгүйгээр амар амгалан тайван явж хүрдэг олон салаа замтай сайхан хот болсны үр дүнг мэдэрч байдаг.
Инженерүүд олон зам барих тусам бид илүү олон газарт хүрч чадна. Энэ нь дасгал хийснээр хэрхэн шинэ эсүүд үүсэж чиний суралцах болон мэдээлэл санах чадварыг сайжруулахтай төстэй юм. Мөн олон замын ачаар аль нэг зам эвдэрлээ гэхэд өөр замаар очих газартаа төвөггүй хүрч болно. Энэ нь мөн дасгал хийснээр Alzheimer-ийн өвчнөөр өвчлөхөөс сэргийлдэгтэй адил төстэй юм. Чи илүү олон мэдрэлийн эстэй, мөн үүнийг холбогч эсүүдтэй бөгөөд аливаа зүйлийг санах олон салаа замтай тул ой тогтоолтоо алдах нь бага болно гэсэн үг.
Эцэст нь хэрвээ инженерүүд замаа сайн барьж засварладаг бол чиний ажилдаа явах зам чинь стресс багатай илүү сайхан байх болно. Чи түгжрээнд гацаад чиний дэлгүүрээс ав гэснийг мартсаны төлөө нөхөртөө уураа гарган суухгүй. Гэнэтийн хурал эсвэл хувцсан дээрээ асгарсан кофе зэрэгт урд нь уурладаг байсан бол эдгээр нь тийм ч чухал биш асуудал болно. Үүнтэй адил дасгал хийснээр бидний ааш зан илүү тайван, эерэг болно. Бид уйтгартай гунигтай бодлуудаасаа амархан салж харин илүү эерэг сайхан зүйлүүдээр амьдралаа баяжуулах болно.
Тэгэхээр хэрвээ чамд яг одоо дасгал хийж эхлэх бас нэгэн шалтаг хэрэгтэй байгаа бол чамд бүр нэг биш гурвын гурван шалтгаан байна. Эдгээр нь, суралцах чадвараа сайжруулах, ой тогтоолтоо сайжруулах мөн илүү сайхан зан ааштай болох юм.


No comments:

Post a Comment